Их тэсрэлтээс хойш 470 сая жилийн дараа үүссэн асар том хар нүхийг илрүүллээ
Эрдэмтэд 13.2 тэрбум настай Хар Нүхийг илрүүлсэн талаар Nature Astronomy сэтгүүлд нийтэлжээ. Энэхүү хүн төрөлхтний илрүүлээд буй хамгийн эртний хар нүх их тэсрэлтээс хойш 470 сая жилийн дараа үүссэн гэж үзэж байна.
НАСА-гийн Chandra рентген, James Webb сансрын дурангийн өнгөрсөн нэг жилд хийсэн ажиглалтыг ашиглажээ.
Уг хар нүх манай сүүн зам дахь хар нүхнээс 10 дахин том хэмжээтэй байгаа нь эрдэмтдийн анхаарлыг улам ихээр татаж байна.
Дэлхийгээс 1 сая милийн зайд байгаа James Webb-ийг 2021 оны зул сараар сансарт хөөргөсөн. Одон орон судлаачдад сансар огторгуйг гүнзгийрүүлэн судлах боломжийг олгож буй хамгийн хүчирхэг сансрын дуран юм. Харин Chandra рентгенийг 1999 онд сансарт хөөргөсөн бөгөөд Харвард-Смитсоны астрофизикийн төвийн ахлах Акос Богдан “Chandra-г хөөргөсөнөөс хойш 24 жилийн дараа ийм том нээлт хийж чадна гэдэг үнэхээр гайхалтай санагдаж байна” хэмээжээ.