Уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр Монголын эдийн засагт тулгарч буй эрсдэлүүдийг даван гарч чадна гэсэн тооцоо сүүлийн жилүүдэд гарсаар байгаа билээ.
Дэлхий дахинд 2025 он гэхэд зэсийн эрэлт хэрэгцээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Зэсийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч ойрын ирээдүйг давах судалгаа дүгнэлтүүд гарсан.
“Тэгвэл уул уурхайн үйлдвэрлэл явуулах гол хүч бол ус”. Оюу Толгой уурхайд ашиглах усны нөөцийн хайгуулыг 2003 оноос эхлэн хийсэн. Уг хайгуулын үр дүнд “Нарны заг” “Галбын говь” Гүний хоолой” гэх гурван газар усны орд байгааг олж илрүүлсэн. Энэхүү гурван ордод техник эдийн засгийн үнэлгээ хийснээр уурхайгаас 40-70 км зайд байрлах Гүний хоолойн усны нөөцийг ашиглаж эхэлсэн байдаг.
Газрын гадаргаас 250-400 метрийн гүнд байрлах энэхүү дарагдмал ус чанарын хувьд ихээхэн эрдэсжилттэй, хайрга, элс, хөрзөн чулуулгийн завсарт байрладаг буюу бидний хэрэглэдэг гүний уснаас гурав дахин өндөр давстай тул ундны усны шаардлага хангахгүй, ахуйн хэрэглээнд тохиромжгүйг тогтоожээ.
Энэхүү усыг цэвэршүүлэхгүйгээр зөвхөн үйлдвэрт ашиглах боломжтой юм. Гэвч дарагдмал усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, эргэж нөхөн сэргээгдэх чадвар нь удаан байдаг.
Оюу толгойн үйлдвэрлэлд усны газраас 918 л/сек-ээр авч болох зөвшөөрөл олгосон бөгөөд энэ хэмжээгээр авахад 40 жилийн хугацаанд усны нөөц нөхөн сэргээгдэнэ гэж тооцоолсон байна. Харин өнөөдрийн байдлаар Оюутолгой кампани зөвшөөрөгдсөн хэмжээнээс харьцангуй бага буюу 400-450 л/сек усыг ашиглаж байгаа аж.
Түүнчлэн үйлдвэрт ашигласан усыг дахин боловсруулах төрөл бүрийн арга нэвтрүүлэн нийт хэрэглэгдсэн усны 87 хувыг дахин боловруулан ашигладаг байна. Үүний үр дүнд 2040 он хүртэл усны нөөцийн зөвхөн 20 хувыг ашиглана гэж тооцоогдож байгаа юм.
“Гүний хоолой” нь газрын гадаргаас 250-400м гүнд оршдог 450км квадрат талбайтай 30 мянган жилийн өмнө үүссэн усны орд юм. Уг ордоос усыг 28 худгаар дамжуулан соруулж таван цуглуулах станцад нийлүүлэн, нэг өргөх станцаар дамжуулан хиймэл нуур луу шахдаг. Энэхүү ус хангамжийн систем нь 24 цаг тасралтгүй ажилладаг байна.
Ус хадгалах хиймэл нуур нь өргөх станцаас 46км зайд байрлах бөгөөд нийт дамжуулсан усыг ууршихаас сэргийлсэн технологитой буюу мембромоор бүрхэгдсэн байдаг байна. Түүнчлэн бүрэн хянах зорилгоор хашаа болон гэрэлтүүлгийг шийдэж өгсөн аж.
Дарагдмал усны орд нь газрын бага гүний уснаас зузаан шавраар тусгаарлагдсан тул малчдын гүний худгуудад нөлөөлөхгүй гэж үзжээ.
Оюутолгой кампани энэ жилийн нэгдүгээр сараас шинэчилсэн дүнгээр 1м куб тутам усанд 1679 төгрөг төлсөн бөгөөд энэ нь жилд дунджаар 20тэрбум төгрөг болж байгаа юм. 2013-2022 оны хооронд нийт 157,5 тэрбум төгрөг төлсөн бол 2023 оны эхний найман сард усны төсөвт 15,6 тэрбум төгрөг төлөөд байна.