EDULifeУрлаг

Дэлхийг шагшуулах Монголын жишиг “говийн музей”

Даланзадгад сумын “Говийн байгаль, түүхийн музей” Оюу толгой компанийн Говийн оюу хөгжийг дэмжих сангаас 11.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр бүтээн байгуулалтаа босгож тавдугаар сард нээлтээ хийсэн.

Тус музей нийт 3000 гаруй үзмэртэй үүнийхээ 20 хувын сан хөмрөгийг ил байршуулан ажиллаж байна. Музейн барилга олон улсын, архитектурт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дэлхийн стандарт бүхий таван давхар байгууламжтай бөгөөд нэгээс дөрвөн давхартаа үндсэн гурван том хэсэг болох Үлэг гүрвэл, Ашигт малтмал, эртний түүх гэсэн үзмэрийн танхимууд байрладаг бол тав дах давхарт музей үзэнгээ суралцах боломж бүхий соёлын боловсрол олгох лекц семинар зохион байгуулах 200 хүний суудалтай сургалтын танхим үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн Монгол улсдаа Чингэс хааны музейн дараа орох жишиг музейд тооцогдоод байгаа юм.

Музейн “Ашигт малтмалын танхимд” геологийн малтлагын өвөрмөц тогтоц эрдэс баялаг болох зэсийн хүдэр, хар төмрийн хүдэр, бал чулуу, галт уулын чулуу, манын төрлүүд, усан болор, судалт гартаам, төмрийн хайлшны дээжээс байрлуулсан бол “Үлэг гүрвэлийн танхимд” орон нутгийнхаа онцлогийг шингээсэн эртний палеонтологийн олдворууд болох дөрвөөс таван өөр төрөл зүйлийн үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас болон байгальд бүтээгдсэн 145 жилийн насжилттай элсэлжилтийн давхаргын хэв шинжийн агуулсан хана байршуулжээ.

Мөн Ханбогд сумын “Байшин цав”, “Амтгай”, Гурвантэс сумын “Нэмэгт”, “Хэрмэн цав” зэрэг газраас олдсон хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан Тарвозавр үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудаас олдворууд багтаж байна. Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын заагт Шар цав хэмээх газар үлэг гүрвэлийн 19  мянган мөр байдаг аж.

Харин “Түүхийн танхимд” “Халзан хайрхан уул” “Хар тээг” Сэртэнгийн тал” “Арц богдын нуруу” “Оцон мааньт” “Баянзаг” зэрэг газраас олдсон 4000-5000 жилийн өмнө эртний хүмүүсийн ашиглаж байсан хүрэл тогоо, шавар ваар, хадны зураг, булш бунхан, зэр зэвсэг зэрэг чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үеийн түүхэн ховор олдворуудыг байршуулжээ.

Түүнчлэн аймгийн есөн гайхамшгийн нэг буюу нутгийн дархчуудын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга, гоёл чимэглэл, эд хэрэглэл, шашны эдлэл шүтээн хөрөг, хөгжмийн зэмсгүүд, бичгийн машин, түүхэн үечлэлээр ард түмний амьдралын хэв маягийг харуулсан үзмэрүүдийг байршуулсан байна.

“Говийн байгаль, түүхийн музей” захирал Х. Алтантуяа: Бидний зорилго бол үлэг гүрвэл, ашигт малтмал, уул уурхай, эртний түүхийн үзмэрүүдээ баяжуулж дэлхийд таниулах зорилготой. Цаашдаа судалгаа, хайгуул, малтлага баяжилтаасаа өргөжин тэлж дотоод гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлнэ. Мөн архилогийн хүрээлэнтэй хамтран ажиллаж 40-50 үзмэр нэмэгдсэн. Цаашдаа орон нутгийнхаа ховор ан амьтдаар үзмэрээ баяжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button