Louis Vuitton брэнд Ази номхон далайн бүс нутагт зах зээлээ тэлэхийг зорьж байна
Есдүгээр сард Fashion United Index хамгийн үнэ цэнтэй хувцас загварын брэндүүдийг эрэмбэлсэн.
Louis Vuitton 26.2 тэрбум долларын үнэлгээгээр энэхүү жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бөгөөд дэлхийн эдийн засагт асар их нөлөө үзүүлдэг тансаг зэрэглэлийн хамгийн нэр хүндтэй брэнд юм. Тансаг зэрэглэлийн арьсан эдлэл, гар цүнх, цаг, гутал, үнэт эдлэл, чемодан, үнэртэн үйлдвэрлэдэг энэ брэндийг Францын дизайнер Louis Vuitton үүсгэн байгуулсан.
1858 онд Лондоны HJ Cave & Sons-оос санаа авсан тээвэрлэхэд хялбар, хөнгөн, бат бөх чанарын чемоданаар олонд танигдан одоог хүртэл энэ чанараа алдалгүй үнэ цэнээ хадгалсаар байгаа. LV брэнд 160 гаруй жил лого болон бор, шаргал өнгөний зохицолдоо том өөрчлөлт хийгээгүй нь хэрэглэгчдэд бүр ч илүү сэтгэл ханамжийг өгдөг.
Үнэтэй, чанартай бүтээгдэхүүн олон байх тусмаа үнэ цэнээ хадгалж үлдэх боломж багасна гэж үзээд борлуулалтын зорилгодоо хүрмэгцээ шинэ загварын үйлдвэрлэлээ зогсоодог. Тиймээс Louis Vuitton брэндийг хэрэглэнэ гэдэг нийгэмд тодорхой түвшний байр суурийг илтгэж, загварлаг, чанартай бүтээгдэхүүн төдийгүй өөртөө итгэх итгэлийг хамт борлуулдаг гэсэн үг.
Энэ жил брэндийн нүүр царайгаар BTS хамтлагийн дуучин J-Hope, Францын жүжигчин Tahar Rahim, Got7 хамтлагийн хятад гаралтай дуучин Jackson Wang, Squid Game цувралын гол дүр Jung Ho-yeon, америкийн жүжигчин Chloe Grace Moretz, Испанийн тамирчин Carlos Alcaraz, хятад-америк жүжигчин Liu Yifei, солонгосын жүжигчин Song Joong-ki зэрэг алдартнууд ажилласан бөгөөд Louis Vuitton Ази тив рүү зах зээлээ улам тэлэхийг зорьж байгаа.