Бизнес

НӨАТ бага орлоготой иргэдэд илүү дарамт учруулдаг

НӨАТ гэдэг нь анхан шатны үйлдвэрлэлээс борлуулалтын цэг хүртэл нэмүү өртөг шингэсэн бүх үе шатанд ногдуулдаг бараа үйлчилгээний татвар юм. Энэхүү татварыг эцсийн хэрэглэгчид төлдөг бөгөөд бүтээгдэхүүний үнэд шингэсэн учир шууд бус татвар гэж нэрлэнэ. 

Олон улсын валютын сангийн судалгаагаар НӨАТ-д шилжсэн аль ч улсын төсвийн орлого эхэндээ багасдаг. Гэхдээ урт хугацаандаа төсвийн орлогыг нэмэгдүүлж, үр дүнгээ өгдөг гэх дүгнэлтэд хүржээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлэх нь 

  • Төсвийн орлогын бүрдүүлэлтийг жигд хангах
  • Орлогын татварын дарамтыг бууруулах
  • Зохицуулах
  • Далд эдийн засагтай тэмцэх үр ашигтай гэж үзсэн.

НӨАТ-ын сул тал

Дэлхийн 160 гаруй улс орон НӨАТ-ын системийг ашигладаг. Шүүмжлэгчид НӨАТ нь бага орлоготой хэрэглэгчдэд эдийн засгийн үндэслэлгүй дарамт учруулахаас гадна бизнес эрхлэгчдийн зардлыг нэмдэг гэж үздэг байна. 

Дамжсан татвар нь бараа, үйлчилгээний үнийг нэмэгдүүлж бага орлоготой хэрэглэгчдэд илүү дарамт болдог.

Жишээлбэл: Бид худалдан авсан 3000 төгрөгийн талхнаасаа 10% буюу 300 төгрөгийг НӨАТ-ын шимтгэлд төлнө. Өдөрт 30 мянган төгрөгийн орлоготой хүний 1%, 300 мянган төгрөгийн орлоготой хүний 0.1% нь татварт суутгагдана гэсэн үг.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын тайлан, бүртгэл хөтлөх зэрэг нь дарамт болж худалдан авагчдад НӨАТ хассан дүнгээр бараагаа борлуулах, татвараас зайлсхийх явдал үүсч болзошгүй.

Тиймээс иргэдийн оролцоо НӨАТ-ын ил тод байдалд чухал нөлөөтэй. 

НӨАТ-ын буцаан олголт

Монгол Улсын иргэд 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн НӨАТ төлсөн дүнгээсээ хамаарч 20 хүртэлх хувийг буцаан авах, сугалаанд оролцох эрхтэй болсон. Энэ нь НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, далд эдийн засгийг ил болгох зорилготой урамшуулал гэж болно.

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгож нэмэх тухай хуулийн төсөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 61 мянган иргэн дэмжсэн бөгөөд 30 хоногийн дотор 100 мянган хүний гарын үсэг цугларвал УИХ-д хуулийн төслийг өргөн барих боломж бүрдэх юм.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: “НӨАТ бол төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69% дээр ирж байна. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт бөгөөд 90% хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ.  Мөн НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин 5% болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, маргааш хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй” гэж мэдэгджээ.

Сард дунджаар баримт бүртгүүлсэн иргэдийн 0.1 орчим хувь нь л сугалааны тохирлоос азтан болдог. Тиймээс иргэд сугалааны урамшууллыг зогсоож, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button