Бизнес
Трэнд:

Монгол улс дэлхийн уул уурхайн салбарт хэр том тоглогч вэ?

Уул уурхайн салбар нь дэлхийн эдийн засгийн гол тулгуур бөгөөд олон салбарт нөлөөгөө үзүүлж томоохон түлхэц болдог. Ашигт малтмал, үнэт металл олборлолт нь үйлдвэрлэл, барилга, эрчим хүч, технологийн дэвшлийн салшгүй хэсэг юм.

Энэ хүрээнд дэлхийн уул уурхайн шилдэг 20 орныг судалж, тэдгээрийн ашигт малтмалын баялаг, үйлдвэрлэлийн чадавх нь дэлхийн уул уурхайн ландшафтыг төлөвшүүлэхэд хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулахыг зорилоо.

Манай улсын хувьд ч уул уурхайн салбар эдийн засгийн томоохон хөшүүрэг болж голлох байр суурыг эзэлдэг.  Уул уурхайн салбар нь ДНБ-ий 25%, экспортын орлогын 93-96%, төсвийн орлогийн 30 гаруй хувыг бүрдүүлэг. Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, экспортын 10 бараа бүтээдэхүүний ес нь байгалын баялаг байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт байгаль орчин, нийгмийн асуудалд тулгуурлан томоохон өөрчлөлтүүд гарч байна. Уул уурхайн компаниуд экологид үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн хариуцлагатай менежментийг дэмжсэн бодлогыг нэвтрүүлснээр байгаль орчны тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлж байна.

Мөн улс орнууд геологийн бүтцэд тулгуурлан өөр өөр нөөцөөр мэргэшсэн тул үйлдвэрлэл, орлого нь янз бүрийн түвшинд бий болдог. Тухайлбал, Австрали, Хятад зэрэг улсууд төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлдэг бол алт, цагаан алт зэрэг үнэт металлын нөөцөөр Өмнөд Африк, Орос улсууд давамгайлж байна.

Уул уурхайн салбар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтийн оролцоо, орон нутгийн ажил эрхлэлтийн боломж, уугуул иргэдийн эрхийг хамгаалах ажил ихээхэн анхаарал хандуулж байна.

Түүнчлэн нэг улсаас олборлосон ашигт малтмал нь ихэвчлэн дэлхийн янз бүрийн салбарын нэмүү өртөгт шингэдэг. Тодруулбал улс орнууд бие биедээ түшиглэн баялгийн хэрэгцээгээ хангадаг тул уул уурхайн салбарын олон улсын худалдаа, хамтын ажиллагаа чухалд тооцогддог байна.

Дэлхийн уул уурхайн топ 20 улс

20. Перу

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 5.4 тэрбум доллар

Өмнөд Америкт орших Перу улс дэлхийн уул уурхайн салбарт чансаагаараа 20-р байрыг эзэлдэг. Перу улс  төрөл бүрийн ашигт малтмалын нөөцөөрөө алдартай бөгөөд зэс, цайр, мөнгө, хар тугалга, алтны томоохон үйлдвэрлэгч юм. Тус улсын уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд геологийн таатай нөхцөлийг бүрдүүлснээр салбартаа томоохон амжилт гаргасаар байгаа. Тухайлбал эдийн засагтаа ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна, гадаадын хөрөнгө оруулалтуудыг татаж, ажлын байр олноор бий болгож байна. Гэсэн ч уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудал, нийгмийн зөрчилдөөн үргэлжилсээр байна.

19. Индонез

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 5.6 тэрбум доллар

Зүүн өмнөд Азийн архипелаг улс болох Индонез нь ашигт малтмалын баялаг, тэр дундаа нүүрсний ашигт малтмал нь уул уурхайн салбартаа томоохон хувь нэмэр оруулдаг. Мөн Индонез нь алт, цагаан тугалга, никель, зэсийн томоохон нөөцтэй. Уул уурхайн салбар нь улсынхаа эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэхээс гадна, засгийн газрын орлогод хувь нэмэр оруулж, ажлын байрын олонхыг бүрдүүлдэг. Тус улсад байгаль орчны тогтвортой байдал, зохицуулалттай холбоотой асуудлууд тулгамдаж байгаа тул экологийн хамгаалалтыг тэнцвэржүүлэх хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа аж.

18. Казахстан

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 5.8 тэрбум доллар

Төв Азид оршдог Казахстан улс дэлхийн уул уурхайн чансааны 18 дугаар байрыг эзэлж байна. Тус улс зэс, цайр, уран, нүүрсний томоохон орд газрууд зэрэг ашигт малтмалын асар их нөөцөөрөө алдартай. Казахстаны уул уурхайн салбар нь эдийн засагтаа томоохон хувь нэмэр оруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, аж үйлдвэрийн хөгжлийг хөдөлгөдөг. Төрөөс уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн ч уул уурхайн салбарын дэд бүтцийн хөгжил, байгаль орчин хамгаалах, нийгмийн хариуцлагатай холбоотой асуудлууд тулгарсаар байна.

17. Аргентин

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 6.1 тэрбум доллар

Өмнөд Америкт оршдог Аргентин нь лити, алт, мөнгө, зэс, уран зэрэг олон төрлийн ашигт малтмалын нөөцтэй. Аргентины уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт татах, ашигт малтмалын хайгуулыг дэмжих засгийн газрын санаачилгад дэмжлэг үзүүлэн хөгжиж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэлд ашигладаг лити-ион батарей болон сэргээгдэх эрчим хүчний нөөцийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор литийн олборлолтын өссөөр байна. Гэсэн хэдий ч зохицуулалтын тогтолцоо, дэд бүтэц, олон нийтийн оролцоотой холбоотой бэрхшээлтэй тулгарсаар байна.

16. Монгол

Монгол Ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэмжээ: 6.8 тэрбум ам

Уул уурхайн нөөц баялаг Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч гол түшиц болдог. Далайд гарцгүй ч газар нутгийн хувьд томоохонд тооцогддог манай улс уул уурхайн арвин нөөц баялагтай бөгөөд нүүрс олборлолтоороо120-иод орноос 19-т жагсдаг төдийгүй, дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай. Түүнчлэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр уул уурхай болон тээврийн салбар, эдийн засгийн нийт өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлэх төлөвтэй байна. Мөн алт, цайр, жонш, газрын тос, төмрийн томоохон нөөц баялагтай.

Уул уурхайн үйлдвэрлэл нь барилга, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс засгийн газрын зүгээс уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж байна. Түүнчлэн орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаатай холбогдуулан ашигт малтмалын 10-20%-ийг орон нутгийн хөгжилд зориулах бодлого барьж байгаа. Харин экологийн хамгаалалт, нөхөн сэргээлттэй холбоотой асуудлуудыг шийдэх гарц хайж, эко уул уурхай бодлогыг тогтвортой хөгжүүлж байна.

15. Филиппин

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 6.9 тэрбум доллар

Филиппин нь Зүүн өмнөд Азийн архипелаг улс бөгөөд алт, зэс, никель, хромит зэрэг ашигт малтмалын томоохон нөөцөөрөө алдартай. Уул уурхайн салбар нь Филиппиний эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг. Гэсэн хэдий ч байгаль орчны асуудал, нийгмийн асуудлууд энэ салбарт тулгамдаж, иргэдээс уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах, орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангахыг шаардсаар байна.

14. Энэтхэг

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 11.8 тэрбум доллар

Энэтхэгийн уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. 2000 гаруй уурхайн салбар ажиллаж байгаа тус улс нь орон даяар сая сая хүнийг ажлын байраар хангадаг. Уул уурхайн салбар нь улсынхаа ДНБ-д онцгой хувь нэмэр оруулдаг бөгөөд төв болон муж улсын засгийн газруудын орлогын чухал эх үүсвэр болдог. Энэтхэгийн уул уурхайн салбар асар их нөөц бололцоотой хэдий ч хэд хэдэн сорилттой тулгарч байна.

Үүнд: Байгаль орчны асуудал, тогтвортой уул уурхайн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжилд анхаарал хандуулах ёстой болоод байна. Энэтхэгийн засгийн газар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн арга хэмжээ зэрэг хариуцлагатай уул уурхайг хангах бодлогууд хэрэгжүүлсээр байна. Түүнчлэн ашигт малтмалын хайгуул, тогтвортой олборлолт, ил тод байдлыг хангахыг зорьж ажиллаж байна.

13. Мексик

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 14.2 тэрбум доллар

Хойд Америкт оршдог Мексик улс мөнгө, алт, зэс, цайр, хар тугалга зэрэг олон төрлийн ашигт малтмалын нөөцтэй. Мексикийн уул уурхайн салбарын түүх баялаг өв уламжлалтай бөгөөд эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татсаар байна. Засгийн газар ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн. Гэвч аюулгүй байдал, зохицуулалт, байгаль орчны менежмент зэрэг сорилтууд тулгарсаар байна.

12. Швед

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 17.8 тэрбум доллар

Хойд Европт оршдог Швед улс нь газар нутгийн хэмжээгээрээ харьцангуй бага хэдий ч төмрийн хүдэр, зэс, цайр, хар тугалга, алт зэрэг ашигт малтмалын асар их нөөцийг эзэмшдэг. Тус улсын уул уурхайн салбар нь дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй арга барилыг эрхэмлэж ажилладаг ба тогтвортой байдал, инновацад ихээхэн анхаарал хандуулдаг. Шведийн уул уурхайн салбар нь эдийн засагтаа томоохон хувь нэмэр оруулж, ажлын байр олноор бий болгож, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилготой. Тус улсад уул уурхайн салбарт зөвшөөрөл олгох үйл явц, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлууд тулгамдсаар байна.

11. Замби

Ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэмжээ: 21.7 тэрбум ам

Өмнөд Африкт орших Замби улс нь далайд гарцгүй, хөрш найман улстай хиллэдэг. Хойд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, зүүн хойд талаараа Танзани, зүүн талаараа Малави, зүүн өмнөд талаараа Мозамбик, өмнө талаараа Зимбабве, баруун өмнөд талаараа Ботсвана, Намиби, баруун талаараа Ангол улстай хиллэдэг. Замби улс далайд гарцгүй хэдий ч Замбези гол зэрэг томоохон усан замуудтай тул тээврийн дэд бүтцэд нь хувь нэмэр оруулдаг. Тус улсын уул уурхайн салбар нь эдийн засгийн гол тулгуур бөгөөд ажлын байр, экспортын орлогод ихээхэн хувь нэмэр оруулдаг. Замби улс зэсийн асар их нөөцөөрөө алдартай бөгөөд Африкийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч юм. Зэсийн олборлолт нь 20-р зууны эхэн үеэс Замби улсын амин чухал салбар байсан бөгөөд дотоодын болон олон улсын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтыг татсаар ирсэн.

10. Турк

Ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэмжээ: 24 тэрбум доллар

Турк бол Зүүн Европ, Баруун Азийн аль алиныг хамарсан тив дамнасан улс юм. Баруун хойд талаараа Грек, Болгар, зүүн хойд талаараа Гүрж, зүүн талаараа Армени, Азербайжан, Иран, өмнө талаараа Ирак, Сири зэрэг найман улстай хиллэдэг. Турк улс стратегийн байрлалаараа Европ, Азийг холбосон гүүр болж, худалдаа, арилжааны амин чухал холбоос болж байна. Туркийн уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсөлт, төрөлжилт, ололттой ажиллаж байна. Туркийн уул уурхайн салбар нь эдийн засгийн хөгжил, ажлын байр бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

9. Австрали

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 27.7 тэрбум доллар

Далайн хойгийн Австрали улс нь төмрийн хүдэр, боксит, алт, нүүрс, литийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Тус улсын уул уурхайн салбар нь эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, ажлын байр, экспортын орлогод ихээхэн хувь нэмэр оруулдаг. Австрали нь уул уурхайн дэвшилтэт технологи, бат бөх зохицуулалтын тогтолцоо, байгаль орчны тогтвортой байдалд онцгой анхаарал хандуулдаг. Гэсэн хэдий ч усны хомсдол, газрын нөхөн сэргээлт, уугуул иргэдийн эрх зэрэг бэрхшээлүүд тулгарсаар байна.

8. Чили

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 32.5 тэрбум доллар

Өмнөд Америкийн Чили улс дэлхийн уул уурхайн салбарын 8-р байрыг эзэлдэг. Зэсийн асар их нөөц баялагтай Чили улс энэхүү амин чухал металлын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Тус улс нь молибден, лити, алтны томоохон ордуудтай. Уул уурхайн салбар нь Чилийн эдийн засгийн чухал тулгуур салбар бөгөөд засгийн газрын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг.

Тус улсын уул уурхайн салбар нь байгаль орчныг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн хүчтэй тогтолцоотой. Харин усны хомсдол, эрчим хүчний хэрэглээ, уугуул иргэдтэй холбоотой нийгмийн асуудлууд тус салбарын гол цэг хэвээр байна.

7. Саудын Араб

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 36.3 тэрбум доллар

Саудын Арабын уул уурхайн салбарын ач холбогдол сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байна. Тус улс үнэт металлаас эхлээд үйлдвэрийн ашигт малтмал хүртэл арвин их баялагтай. Саудын Арабын засгийн газар уул уурхайн салбарын нөөц бололцоог газрын тосноос хамааралтай байдлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор төрөлжүүлэх стратеги барьж ажиллаж байна.

Саудын Араб нь бордоо үйлдвэрлэхэд чухал бүрэлдэхүүн хэсэг болох фосфатын асар их нөөцөөрөө алдартай. Засгийн газар уул уурхайн таатай зохицуулалтуудыг нэвтрүүлж, салбарын өсөлтийг хянах, дэмжих зорилгоор “Мааден” хэмээх уул уурхайн компанийг байгуулсан.

6. Өмнөд Африк

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 38.3 тэрбум доллар

Тус улс нь алт, цагаан алт, алмаз, хром, марганец зэрэг асар их ашигт малтмалын нөөцөөрөө алдартай. Уул уурхайн салбар нь Өмнөд Африкийн эдийн засгийн гол тулгуур бөгөөд ажил эрхлэлт, экспортын орлогод чухал хувь нэмэр оруулдаг. Гэвч энэ салбарт хөдөлмөрийн асуудал, нийгмийн тэгш бус байдал, зохицуулалттай холбоотой асуудлууд тулгарч байна. Мөэ тогтвортой уул уурхайн практикийг дэмжих, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын хүртээмжтэй өсөлтийг дэмжих чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.

5. Бразил

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 44.8 тэрбум доллар

Өмнөд Америкийн хамгийн том улс болох Бразил нь төмрийн хүдэр, боксит, ниобий, тантал зэрэг ашигт малтмалаар томоохон үйлдвэрлэгчдийн тоонд ордог. Уул уурхайн салбар нь Бразилын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, ажлын байр, экспортын орлогод хувь нэмэр оруулдаг. Тус улсын уул уурхайн салбар дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт, уул уурхайн технологийн дэвшлээрээ тэргүүлсээр байна. Гэвч байгаль орчны асуудал болон нутгийн уугуул иргэдийн газрын эрхийн асуудал нь энэ салбарт хүндрэл учруулсаар байна.

4. Канад

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 49.6 тэрбум доллар

Дэлхийн хоёр дахь том орон болох Канад нь алт, мөнгө, уран, зэс, никель олборлолтоороо тэргүүлдэг. Тус улсын уул уурхайн салбар нь эдийн засагтай нь салшгүй холбоотой бөгөөд голлох хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр бий болгож, экспортод хувь нэмэр оруулдаг. Канад улс байгаль орчныг хамгаалах, аюулгүй байдал, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг чухалчилдаг. Харин уугуул иргэдийн эрх, газрын хүртээмж, зах зээлийн хэлбэлзэлтэй холбоотой асуудалтай нүүр тулсаар байна.

3. Орос

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 55.4 тэрбум доллар

Тус улс нь нүүрс, төмрийн хүдэр, никель, зэс, алмаз зэрэг ашигт малтмалын нөөцөөр баялаг юм. ОХУ-ын уул уурхайн салбар нь улсынхаа эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, экспортын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Тус улсад уул уурхайн дэд бүтэц маш сайн хөгжсөн бөгөөд уул уурхайн олон дэвшилтэт технологитой. Гэвч зохицуулалтын тогтолцоо, геополитикийн хүчин зүйлс, байгаль орчны хүчин зүйлс зэрэг сорилтууд салбарын үйл ажиллагаанд нөлөөлдөг.

2. АНУ

Ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэмжээ: 121 тэрбум доллар

АНУ дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч орнуудын 2-р байрыг эзэлж байна. Тус улс төрөл бүрийн ашигт малтмалын нөөцтэй, уул уурхайн салбарт томоохон түүхтэй тус улс төдийгүй нүүрс, зэс, алт, фосфат, аж үйлдвэрийн ашигт малтмалын томоохон үйлдвэрлэгч орон юм. АНУ-ын уул уурхайн салбар нь эдийн засагтаа ихээхэн хувь нэмэр оруулж, ажлын байраар хангаж, орон нутгийн иргэдийг дэмжин ажилладаг. Тус улс хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хангахын тулд байгаль орчны нарын зохицуулалт, аюулгүй байдлын стандартыг бүрэн хэрэгжүүлсэн байна. Тус салбарт тулгарч зөвшөөрөл олгох үйл явц, газрын хүртээмж, хөгжиж буй зах зээлийн динамиктай холбоотой асуудлуудтай тулгарсаар байна.

1. Хятад

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ: 217.8 тэрбум доллар

Хятад бол дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч орон бөгөөд дэлхийн металл, ашигт малтмалын тал орчим хувийг үйлдвэрлэдэг. Тус улсын уул уурхайн салбар нь 8 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж, эдийн засагтаа ихээхэн хувь нэмэр оруулдаг. Хятад улс нүүрс, алт, газрын ховор металл, гянт болд, цагаан тугалга, хар тугалганы арвин нөөцөөрөө алдартай. Мөн дэлхийн хэмжээнд хөнгөн цагаан, ган, цементийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Хятадын уул уурхайн салбар нь ихэвчлэн төрийн өмчийнх бөгөөд China Minmetals, Zijin Mining, China Coal Energy зэрэг компаниуд хамгийн томд тооцогддог. Тус улсын засгийн газар уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бодлогоор энэ салбарыг зохицуулдаг. Хятадын уул уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчны асуудал, хөдөлмөрийн үйл ажиллагаанаас шалтгаалж олон жилийн турш шүүмжлэлд өртөж ирсэн. Гэвч уул уурхайн тогтвортой практикийг сурталчлахад ихээхэн ахиц дэвшил гаргасаар байгаа билээ.

Ашигт малтмалын олборлолтын хэмжээ эхний 6 сарын байдлаар

Эх сурвалж: Yahoo Finance, ҮСХ

Холбоотой мэдээнүүд

Back to top button